МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо агаар амьсгалах гэж ирснээс хойш их ажил амжуулж буй. Засгийн газрын сайд нарын асуудлыг ярилцаж, АН-ын гишүүн бүртэй уулзсан гээд түүний хийсэн ажил тоймгүй. Мөн тэрбээр орон нутгаар явж, намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж бүсчилсэн зөвлөгөөн хийж буй. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт “Анхан шатны байгууллага-2015” төвийн бүсийн ээлжит зөвлөгөөнийг хийгээд ирсэн. Энэ үеэрээ тэрбээр төр засаг муу ажиллаж байгаагийн төлөө би ард түмнээсээ уучлал гуйж байна хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийн хариуг барьж үг хэлжээ. Түүний өмнө говийн бүсийн зөвлөгөөнийг Дундговь аймагт хийгээд ирсэн юм. Ийнхүү тэрбээр дөрөө мултлах завгүй ажиллаж байна.
Харин одоо удахгүй баруун бүсийн зөвлөгөөнийг Ховд аймагт хийж ирээд Өвөрхангай, Хэнтий аймгуудад ажиллах юм байна. Ямартай ч тэрбээр Засгийн газрын тохиролцоогоо АН-тай хийж шийдэлд хүрсэн тул ирэх сонгуулийн бэлтгэлээ хангаж иргэдтэйгээ уулзалт хийж байна.